Сургаалиуд

ХУВЬ ТАВИЛАНГИЙН САВ

Нэгэн хүү голоос ус авч ирэхээр болжээ. (Энэ бол хувь тавилан юм) Хүү гэртээ байгаа, өөрийнхөө даах хамгийн том савыг авч явна. (Гэрт байгаа савнууд бол түүний сонголт юм)

Гол нэлээд хол бөгөөд хүү очих ирэх замдаа хэд амрах, хэн туслах, ямар саад учрахыг мэдэхгүй.(Энэ бол амьдрал юм)

Хүү том л савтай явбал их устай ирнэ гэж бодно. (Энэ бол мөрөөдөл юм)

Хүү гол дээр ирээд усаа автал голын чулуунууд бүгд алт байж гэнэ. (Энэ бол амьдралын төөрөгдөл юм)

Хүү устай савандаа бага зэрэг алт хийж гэнэ. (Энэ бол амьдралын боломжит шийдэл юм)

Хүү алттай усаа үүрээд явхад арай л хүнд санагдсан ч зүтгэсээр л явна. (Энэ бол эдлэх ёстой, үүрэх ёстой үйлийн үр юм)

Замд нь маш олон эрдэнийн чулуу тааралдаж гэнэ. (Энэ бол амьдралд таарах хувь тавилангийн үнэтэй золиосууд юм)

Хүү уснаасаа асгаж эрдэнийн чулуунаас хийжээ. (Энэ бол шунал юм)

Хүү цаашаа арай хийн явж байтал ангаж цангасан нэгэн өвгөн таарч гэнэ. Хүүгээс уснаасаа жаахан өгөөч гэж гуйтал хүү усаа хартал өчүүхэн мэт санагдсан тул өгөлгүй, харамлаж цааш зүтгэж гэнэ. (Энэ бол амиа бодох бодол юм)

Зам хол гадаа халуун байсан тул хүү уснаасаа бага багаар амсаж явлаа. (Энэ бол хүн өөрийгөө тэжээх шаардлага юм)

Хүүгийн ус нэгэнт барагдаж дуусах дээрээ ирснийг мэдэж алт, үнэт чулуу биш ус хамгийн хэрэгтэй болхыг ойлгож гэнэ. (Энэ бол ухаарал юм)

Ангаж цангаад хэвтэж байтал хажуугаар нь нэгэн хүү устай саваа үүрээд явж байхыг хараад ус гуйтал, тааралдсан хүү өвгөн гуай танд ус өгвөл та алтнаасаа өгөх үү.!? гэж гэнэ. (Хүү өөрийгөө анх удаа өвгөн гуай гэж сонсон нь гайхшрал юм. Түүнд алт биш ус хэрэгтэйг мэдсэн нь түүний амьдралын туршлага юм)

Өвгөн болсон өнөөх хүү, замд таарсан залуу хүүд алтаа өгч ус авч уугаад хамт хэсэг алхаж гэнэ. (Энэ бол ханьсал юм)

Хүү удалгүй өөрийн замаа хөөн одож өвгөн эрдэнийн чулуутайгаа үлдэж гэнэ. (Энэ бол ганцаардал юм)

Өвгөний эрдэнийн чулууг араас нь ирсэн хэн ч тоож усаар солихгүй, харин урдаас нь ирж яваа усанд явж буй бяцхан хүүхдүүд их л сонирхож байх юм гэнэ. (Энэ бол амьдралын туршлагын зөрүү юм)

Өвгөн эцэст нь энэ эрдэнийн чулуунаасаа усанд явж хүүхдүүдэд нэг нэгээр нь өгөөд ингэж захижээ.

Усанд явах замдаа сайн үзэж сонирхоод усаа авахдаа тэндээ хаяад усаа бүрэн бүтэн авч ирээрэй гэж гэнэ. (Энэ бол буурлын сургаал юм)

Цөөхөн хүн л буурлын сургаалыг дагаж гэртээ, савандаа арвин устай ирдэг нь буян юм.

Иймээс хувь тавилангийн савандаа амьдралд огт хэрэггүй зүйлс хийж, арай хийж амьдрах нь аз жаргал биш харин ч зовлон юм шүү.

Хүн даахын хэрээр амьдарч, хэрэгцээтэй зүйлсээр саваа дүүргэ. Үүрээд үхэхгүйгээс хойш, өмхийртөл нь зовлон болгож тээх нь аз жаргал мөн үү.!?

Таны хувь тавилангийн саванд байх учиртай бүхэн зөв хэмжээндээ зохистой байгаасай.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Танд санал болгох
Close
Back to top button