Мэдээ, МэдээлэлТанин мэдэхүй
Онцлох

ДЭЛХИЙН БАРИМТАТ ӨВ

1. АЛТАН ТОВЧ

Арван долдугаар зууны дунд үед амьдарч байсан монголын эрдэмтэн гүүш Лувсанданзан “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой” шастирыг туурвин зохиож Чингис хаанаас эхлэн Лигдэн хаан хүртэлх үеийг хамран өгүүлжээ. 1651 онд зохиогдсон энэ ном дэлхий дахины монголч эрдэмтдийн дунд “Лу.Алтан товч” хэмээн алдаршсан байна. “Лу.Алтан товч”-ид “Монголын нууц товчоо”-ны 282 зүйлээс 233 зүйл нь бараг хэвээрээ байхаас гадна “МНТ”-нд байхгүй олон нэмэлт бүлэг байх тул “МНТ”-ны монгол эхийн нэг хувилбар гэж эрдэмтэд үздэг бөгөөд Монголын төдийгүй Дэлхийн хэмжээний үнэ цэнэт бүтээл юм.

“Алтан товч”-ийн жинхэнэ эх зохиол болох хулсан үзгийн бичмэлийг 1926 онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Жамъян гүн (1864-1930) Дорнод аймгийн Баянтүмэн хошууны еншиеэбүү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар “Лу.Алтан товч” нь монголын түүх-уран зохиолын ховор чухаг судалгааны үнэт дурсгал болон мөнхөрчээ. Лу.“Алтан Товч” нь 2011 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад бүртгэн тунхаглагдсан болно.

2.“ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР”

Ганжуур нь Буддын шашны дээдийн дээд ном тул Монголчууд эрт үеэс өөрсдийн дээдэлж эрхэмлэж ирсэн үнэт эрдэнэс болох алт, мөнгө, шүр, сувд, номин, оюугаас гадна зэс, ган таныг нарийн жороор боловсруулж, далан түрүү, банлиг, замбага цэцэг зэрэг ургамлыг ашиглан тусгай арга технологийн дагуу бүтээсэн хар цаасыг 4-9 давхарлан нааж,эрдэнүүдээ тодорхой дэс дараалалтайгаар эгнээ эгнээгээр нь бичсэн нэн ховор судар юм. “Есөн эрдэнийн Ганжуур” нь урлагийн сонгодог өв, эрдэнээр бүтээсэн ном судруудын оргил бүтээл болж үлдсэн бөгөөд ийм хэмжээний хөлгөн их судар урьд өмнө ч, өнөө хэр ч өрнө дорно дахины улс түмэнд бүтээгдэж байгаагүй билээ.

Монголын ном соёлын түүхэнд томоохон байр суурь эзлэх их хөлгөн судар Ганжуур Данжуур нь эртний болон дундад зууны Энэтхэг Төвдийн их бага таван ухаан болох дуун ухаан, учир шалтгааны ухаан, дотоод ухаан, тэжээхүйн ухаан, урлахуйн ухаан зэрэг шашны болоод иргэний таван мянга орчим ном зохиолыг багтаасан судрын цомирлог юм. Ганжуур судар нь нийт 7 бүлэг 1108 нэр бүхий номоос бүтдэг. Ганжуур нь “Зарлигийн орчуулга” буюу бурхан багшийн бүх сургаалиудыг эмхтгэсэн. Харин Данжуур нь “Шастирын орчуулга” буюу бурханы сургаалийн тайлбар гэсэн утгатай нэр юм.

Есөн эрдэнийн Ганжуур хөлгөн их зурагт судар бол сонсох, санах, бясалгах «гурван мэдрэхүйн» үр шимээр хүний оюун ухаанд хуримталсан эрдэнэс, бичиг соёл, уран зургийн гайхалтай зохицол нийлэмж, урлахуйн уламжлалт нууц арга ухаан, эрдэнэс ашиглан цогцоор нь шингээсэн том хэмжээтэй цоморлиг гэдгээрээ монголын төдийгүй хүн төрөлхтний оюун санааны давтагдашгүй өв дурсгал юм. Уг судар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд өнөө хэр бүтээгдээгүй, эх хувиас нь хуулбарлан бүтээж хувилах аргагүй, орлуулж боломгүй сонгодог бүтээл болжээ гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Ганжуур судрыг хуучин Их хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд 1841 оноос залж байгаад тус дацан хаагдах үед Үндэсний номын сангийн сан хөмрөгт шилжүүлжээ. Монгол Улсын Үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт дэлхийд ганц хувь “Есөн эрдэнийн Ганжуур”-аас гадна “Нартан барын Ганжуур”, “Дэргэ Ганжуур”, “Хүрээ барын Ганжуур”, “Монгол шунхан барын Ганжуур”, “Монгол бичмэл Ганжуур”, “Алтан Ганжуур”, “Мөнгөн Ганжуур”, “Дөрвөн эрдэнийн Ганжуур”, “Долоон эрдэнийн Ганжуур” зэрэг Ганжуурын олон хувилбар бий. Алтан Ганжуурыг Лигдэн хутагт хааны зарлигаар анх 1620 онд Алтан үсгээр бүтээсэн бол 1295 – 1307 онд Өлзийт хааны зарлигаар хуучин монгол хэлнээ хөрвүүлсэн байдаг.

Монгол үсгийн шунхан барын Ганжуурыг Үзэмчний Молом лам, монгол үсгийн мөн ийм Данжуурыг Наянт ван нар өвлөн уламжлан тахиж байсныг 1923, 1925 онд судар бичгийн хүрээлэнд залсан түүхтэй.

Хэдийгээр алт, эрдэнээр хийсэн “Ганжуур” судар буддын шашинтай орнуудад цєєнгvй байдаг ч алт болон эрдэнийн чулуугаар урласан “Ганжуур” судрынхаа тоогоор манай улс дэлхийд тэргvvлдэг.

Уг судар нь хуучин Их хүрээний Зүүн дацан буюу Дашчойнпил дацанд залагдаж байсан байгаад 1937-1938 оны МУҮНС-гийн сан хөмрөгт шилжжээ.Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугээр тогтоолоор “ХОСГҮЙ ҮНЭТ” өвөөр батлагдсан байна.1819 онд бүтээгдсэн “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг 2012 оны 4 сард Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний хороо, “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний комисс эрдэмтэн судлаачидтай хамтран тодорхойлолтыг боловсруулж, ЮНЕСКО-гийн олон улсын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн юм. БНСУ-ын Гуанжоу хотноо 2013 оны 6-р сарын 18-21-ний өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөлдөх комиссын 11-р хурлын шийдвэрээр “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн хүрээнд олон улсын өвөөр бүртгэгдсэнийг албан ёсоор зарлан, захирал хатагтай Ирина Бокова батламжилжээ. Дэлхий дахины баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, сурталчлан таниулах зорилготой ЮНЕСКО-гийн Дэлхийн Дурсамж хөтөлбөр 1992оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Есөн эрдэнийн Ганжуур судар нь уг хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас бүртгэгдсэн гурав дахь өв болсон юм.

3.МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР

“Данжуур” гэдэг нь “Шаштирын орчуулга” гэсэн төвд үг юм. Энэ нь эртний Энэтхэг, Төвдийн эрдэмтэн бандид нарын таван ухаан (“Дотоод ухаан”, “Урлахуй ухаан”, “Учир шалтгааны ухаан”, “тэжээхүй ухаан”, “Дуун ухаан”)-ы 3400 гаруй зохиолыг эмхэтгэсэн том цоморлиг болно.  “Данжуур”-т багтах их бага таван ухааны зохиолоос Төвд хэлэнд 9 дүгээр зууны үеэс орчуулж эхлээд 14 дүгээр зууны үед тусгай цоморлиг болгожээ. “Данжуур”-ын доторхи ном зохиолоос монголчууд 14 дүгээр зууны эхэн үеэс орчуулж, тайлбар судалгаа хийж байжээ. Гэвч “Данжуур”-ыг бүхэлд нь орчуулж хэвлүүлэх ажлыг 18 дугаар зууны тэргүүн хагаст Жанжаа Ролбийдоржийн удирдлагаар монголын олон нутаг хошуунаас цугларсан 200 орчим орчуулагч нар охор хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн юм. “Данжуур”-ыг чухам орчуулж хэвлүүлэх ажил 1742-1749 оны орчим хийгдсэн боловч түүний бэлтгэл нэлээд түрүүн эхлэсэн билээ. 1724 онд “Данжуур”-ыг орчуулах хааны зарлиг гарсан жилээс монголын олон хошуу нутгаас орчуулагч, заагч, барчин зэрэг хэвлэл, уран зохиолын хамаа бүхий мэргэжилтэдийг зарлиг цуглуулсан ажээ. Орчуулагч нарт аливаа ухааны нэр томъёог нэг мөр болгон орчуулахад хялбар дөхөмийг бодож “Мэргэд гарахын орон” гэдэг төвд, монгол толь бичгийг 1748 онд хэвлэн гаргасан байна. Тус толь бичгийн оршилд орчуулгын онолын зарим асуудлуудыг хөндөж бичсэн нь тун сонирхолтой юм. Тухайлбал, шүлэглэсэн зохиол, үргэлжилсэн зохиол хоёрын орчуулгын ялгавартай тал, хүн юмын бодгал нэрийг орчуулгат хэрхэн үзэх, яруу найруулгын хийгээд элдэв ёгтон нэрийн далд утга санааг хадгалан орчуулах гэх мэт нэлээд нарийн ширийн зүйлийг авч үзсэн нь зөвхөн “Данжуур”-ын орчуулагч нарт онолын удирдамж болсон төдийгүй  дундад зууны үеийн монголын орчуулгын үйлст чухал ач холбогдолтой зүйл болжээ. “Данжуур”-ыг орчуулах энэ мэт бэлтгэл ажлыг сайтар базаасны хүчинд уг зохиолыг цөөн жилийн дотор амжилттай орчуулж дуусгажээ. Гэхдээ монгол “Данжуур”-т орсон бүх зохиол нь зөвхөн 1742-1749 оны хоорондахь цоо шинээр орчуулагдсан бүтээгдэхүүн бши харин хуучин орчуулгыг бага сага найруулан оруулсан нь цөөн үгүй буй. Энэ үеэсийн нэгтгэн орчуулах ажилд Авгын Дай гүүш Агваандампил, түүний дүү Билигт гүүш Лувсанлүндэн, Урад гүүш Билигийн Далай, Халхын гүүш Гэлэгжалцан, Лувсанжалцан, Зая бандид Лувсанпрэнлэйн шавь Лувсанданзан, Онниудын бэйлийн хошууны гүүш Рашжамц, Рах хутагтын хувилгаан Лувсанчүлтэм (Самадишила) зэрэг орчуулагчид оролцожээ. “Данжуур” ном агуулгын хувьд “Ганжуур”-т байдаг зари төрлийн цэдиг, “Уданабарга”, “Дармавада” гэх мэт шүлэг сургаалаас гадна түүнд огт байдаггүй эртний Энэтхэгийн гүн ухааны яруу найраг, жүжиг, уран зохиолоос олон орсон байх тул, уран зохиолын дурсгалаар “Ганжуур”-аас баялаг байдаг. Үүнээс гадна “Данжуур”-ын тоон ухаан буюу хэл бичгийн аймагт багтах зохист аялгуу, холбон найруулах ухааны ном зохиолууд нь голцуу шүлэг найрагийн онол, найруулга зүйн холбогдолтой дурсгал бичгүүдийг багтаасан байдаг. Ийм учраас “Данжуур” -ын орчуулга нь монголын сонгодог бичгийн хэлний найруулга, түүни йдотор уран зохиолын хэлний хэм хэмжээ, нэр томъёо зэргийг тогтооход чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх ёстой.  “Данжуур”-ын судалгааны талаар хэлбэл, В.Я.Владимирцов 1926 онд нийтэлсэн “Монгол Данжуур” гэдэг өгүүллээс хойш монгол “Данжуур”-ын доторх зохиолуудын талаар Ф.Валер, В. Хайссиг, Локеш Чандра зэрэг эрдэмтэн нар сонирхолтой өгүүлэл нйитлэжээ. Монгол улсын хэл бичгийн эрдэмтэн Шагж хориод оны үеэр Бат-Очиртой хамтран “Данжуур”-ын хураангуй гарчигийг Төвд, Монгол хэлээр хийжээ. Тавиад оны үеэр Монголын Их Сургуулийн профессор Ц.Дорж монгол “Данжуур”-ын дэлгэрэнгүй гарчигийг хийж эхлээд түрүүчийн хэдэн дэвтрийг Дели хотод хэвлүүлсэн байгаа. Мөн “Данжуур”-ын доторх эртний Энэтхэгийн яруу найрагийн онолч Дандины “Зохист аялгууны толь”-ийн орчуулгыг Б.Ренчин 1972 онд оршил өгүүлэлтэй гэрэл зургаар нийтлүүлжээ. Үүнээс гадна, эдүй төдий эрдэмтнээс “Данжуур”-ын дотор орсон сонирхолтой сайхан зохиолууд, тухайлбал эртний Энэтхэгийг Ронагарашант-ын “Холбон найруулахын эрдэнэ гарахын орон”, эртний Энэтхэгийн алдарт яруу найрагч Галидасийн “Үүлэн зардас”, Энэтхэгийн гүн ухааны том шүлэглэл болох “Бодачира аватра ” зэрэг зохиолын тухай сонирхолтой сайхан шинжилгээний мэдээнүүдийг хангасан юм. ИБУИНВУ-ын Манчестер хотноо 2011оны 5 сарын 22-25-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн Дурсамж хөтөлбөрийн Олон Улсын Зөвлөлдөх хорооны/ОУЗХ/ хурлаар дээрх хөтөлбөрийн хүрээнд Баримтат өвд нэр дэвшсэн 80 гаруй өвөөс 45-ыг нь тус өвд бүртгэхийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд зөвлөжээ. Эдгээр 45 Баримтат өвд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Лу.Алтан товч” болон “Монгол Шунхан Данжуур” багтсан байна. ОУЗХ-ны зөвлөмжийг Ерөнхий захирал батламжилсан бөгөөд ийнхүү манай “Лу.Алтан товч” болон “Монгол Шунхан Данжуур”-ыг Дэлхийн Баримтат өвөөр ЮНЕСКО бүртгэн авсан.

4. “САХИУСАН ДАРА ЭХ”

“Сахиусан дара эх” бүтээл нь 20-р зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэрт анги Дамба гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм.

Уг дурсгалын хэмжээ нь 4.9х5.4 см, бичвэрийн хүрээ 4.5х5 см, зузаан 0.08мм, жин 0.2 гр. Энэхүү хамгийн жижиг буюу сонин содон бүтээл нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бөгөөд хүний оюун ухаан, гоо зүйн нарийн мэдрэмж, ном бүтээх урлагийн гайхамшигийг харуулснаараа дахин давтагдашгүй юм. Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ.

Төвд хэлний 62 бадаг шүлэг, 79мөр эгнээ, 250 шад мөр,5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаасан хосгүй бүтээл юм.Яг хэдэн онд туурвисныг тодорхой хэлэх боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна.

• Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэгдсэн байна.

• 2014 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд тус тус бүртгэжээ.


2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close