ОЙРАДЫН ЗАЯ БАНДИДА НАМХАЙЖАМЦ 1599-1662
Монгол-Ойрадын их эрдэмтэн, төр, шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, гүүш Зая бандида Нaмхайжамц Равжамба нь Ойрадын Хошууд угсааны ноёны гэрт 1599 онд мэндэлжээ.
V далай лам Агваанлувсанжамцыг гэлэн санваар хүртэж, санваар төгс 10 гэлэнгийн нэгээр сонгогдож байсан тэрбээр Дөрвөн Ойрад, Ижил мөрний Халимаг, Торгуудад бурханы шашныг эх хэлээрээ дэлгэрүүлэхийг зоригдон хүн ардаа гэгээрүүлж байсан юм.
1648 онд Баруун Монголын аман аялгуунд тохируулан зохиосон Тод үсэг, 1642 онд төвд хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн “Банчин хутагтын тууж” зэрэг Зая бандида Намхайжамцын туурвисан бүтээлүүд нь орчин цагийн Монголын соёл болон утга зохиолын хамгийн нандин өвүүдийн нэг билээ. Үндэсний хэлээрээ бурхан шашны номыг дэлгэрүүлэхээр нийтдээ 377 гаруй ном судрыг Төвдөөс Монгол хэлнээ орчуулжээ.
Дахин давтагдашгүй соёлын үнэт өвийг бидэнд бүтээн үлдээсэн энэ эрхэм 1662 онд Төвдийг зорьсон аянд жанч халжээ.