Хутагт Хувилгаад

ХУТАГТ НАГАРЖУНАЙ

Их Гэгээнтэн багш Нагаржунай тухайн үедээ доройтож байсан Бурханы шашны Их Хөлгөний ёсыг сэргээн дэлгэрүүлж, гүн ухааны Мадяамика буюу Төв Үзлийг машид тодоруулан зохиосон хэмээн ихэд алдаршиж, Энэтхэг, Төвд, Монголын эрдэмтэн мэргэдийн шүтээний орон болсон ажээ.

Гэгээнтэн Нагаржуна Бурханы шашныг сэргээн, олон амьтны тусыг хожим нараэ мэт бүтээнэ хэмээн Ланкаватара, Манзушримулакалпа, Махамэга, Махабзри зэрэг олон сударт Бурхан багшаас лүндэгнэсэн байдаг. Бурхан багшаас тийн лүндэн үзүүлсэн Гэгээнтэн Нагаржуна Энэтхэгийн өмнөд хэсэгт оршдог Видарба /Дал модны орон/ хэмээх газарт үр хүүхэдгүй нэгэн баян бярманы гэрт төржээ.

Шинжээчид хүүг үзээд, их хүний дүртэй боловч 7 хоног л насална. Харин 100 хүнд хоол өргөвөл 7 хоног нэмэх, 100 бярманд гүнцэг өргөвөөс 7 сар болох, харин 100 хуврагад гүнцэг өргөвөөс 7 наслана гэжээ. Эцэг эх нь ч 100 хуврагад гүнцэг өргөж 7 наслахын үед эцэг эх нь хүүгээ хэрхэн үхэхийг харж эс чадах тул хэдэн зарцаар бараа болгон алсад одуулжээ.

Тийн аялах үедээ хүү Аръяабалын хувилгаан Касарпана бурханы нүүрийг үзсэн гэдэг. Түүнээс асар удалгүй алдарт Наландарийн хийд дээр очжээ. Тэнд бярман, Их Шидтэн Сарахатай учирч шавь нь болсон байна. Шидтэн Сараха, шашинд орж, ертөнцийн амьдралыг тэвчвээс амьд үлдэх боломжтой гэсэнд хүү зөвшөөрч, ёсоор дагасан бөгөөд дараа нь багшаасаа “Үхлийг дарагч Аминдаваа бурханы” мандал, насны ван авшиг хүртэж, улмаар тарнийхаа тоог үхэх өдрөөсөө өмнө амжин уншиж гүйцээснээр үхлийг давжээ. Үүнээс хойш тэрээр 600 жил насалсан юм гэдэг.

Найман насандаа тэрээр ангид тонилохуйн санваар авч, бурханы шашны арван ухаан болон гүн ухааны гол үзэл онолуудыг нарийвчлан судалжээ. Дараа нь эцэг эхтэйгээ уулзсныхаа хойно Сараха багшаасаа Сандуйн ван авч, тарнийн ёсны гүн гүнзгий сургаал увдис хүртсэн байна. Тэгээд сахил хүртэж, Бикшү Шриманта нэр авчээ.

Орь залуу Манзушрийн хувилгаан, бодьсад Радна Мади багшид шавь орж, судар тарнийн ном сургаалыг маш дэлгэрэнгүй үзэж, улмаар судар тарнийн их багш болон ном айлдаж эхэлсэн гэдэг.

Нагаржуна төмрийг алт болгогч шид сурч, 12 жилийн ган гаас болж, хэцүүдэж байсан Наландарийн хийдийн хуварагуудыг тэтгэж байсан байна.

Удалгүй тэр бээр Наланда хийдийн хамба болж, санваараа ариунаар нь сахисан хуваргуудыг сайтар шагнан урамшуулж, санваараа доройтуулсан хуварагуудыг хийдээсээ хөөж байжээ. Тэр 8000 гаруй хуварагийг санваараа доройтуулсны тул сүмээс хөөсөн гэж байдаг.

Нагаржуна Их хөлгөний ёсыг буруутгах гэсэн бикшү Самкарагийн зохиосон 12000 шад шүлэг бүхий “Мэдлэгийн чимэг” зэрэг олон номыг учир шалтгааны үүднээс бүрэн бүтнээр нь үгүйсгэж, Их хөлгөний ёсыг хамгаалж байсан байна. Жатасамгата хэмээх газар тэрээр 500 гаруй тэрсүүд үзэлтэй мэргэдтэй ном хаялцан дийлж, бурханы шашинд оруулсан байдаг. Нэгэн удаа түүнийг гурван сав ном айлдаж байхад нь хоёр лус ирж ном сонсож байжээ. Тэдгээр хоёр лусыг байх үед зандангийн сайхан үнэр үнэртэж байсныг анзаарсан Нагаржуна энэ тухай асуухад, тэд, өөрсдийгөө Таксака хэмээх лусын хүүхдүүд гэж танилцуулсан байна. Мөн тэд өөрсдийгөө хүний эвгүй үнэрээс болж зандангийн тос биедээ түрхсэн гэжээ. Нагаржуна тэднээс Дарь эх бүтээх болон сүм босгоход туслахыг хүсэхэд хариуд нь тэд, багшийг зөвхөн лусын оронд очсоны нь дараа л туслана гэж амаллажээ. Тэгэж тэрээр лусын оронд морилж, номын хурыг буулган лусуудын эгээрэл хүслийг биелүүлээд Лусын оронд Бурхан багшийн үеэс хадгалагдаж байсан 100,000 мөрт билиг билгүүний Пражна парамита /Билиг билгүүний барамид/ сударыг Энэтхэгт залж, шашин амьтанд үлэмж их гавъяа байгуулжээ.

Нагаржунаг сүмийн цэцэрлэгт ном айлдах үед лусууд хүндэтгэл үзүүлэн зургаан могой шүхэр болон түүнийг нарнаас хамгаалдаг байсан тул түүнийг “Нага” буюу “Лусын бүтээлч” хэмээн нэрлэдэг болсон бөгөөд харин Их Хөлгөний Ёсыг алдарт харваач Аржунагийн харавсан сум шиг хурдтай хүчтэй дэлгэрүүлсэн тул “Аржуна” гэж нэрлэжээ. Тийнхүү Нагаржуна гэж нэртэй болсон юм. Их Гэгээн багш Нагаржуна Энэтхэгт сүм хийд болон суварга барих, Бодь модыг хамгаалан 108 суварга бүхий хана барих зэрэг тоолшгүй олон өглөг буян үйлдэж байсан байна.

Мөн түүнчлэн Пражня парамитагийн \Билиг билгүүний\ утгыг машид тодоруулан олон ном зохиосны дээр судар тарнийн тайлбар сэлтийг Бурхан багш эргэн ирсэн мэтээр өргөн дэлгэр туурвисан тул “Хоёр дахь Бурхан” гэдэг алдрыг хүртжээ.

Нагаржуна шашин номыг гурван удаа дэлгэрүүлэн зохиосон гэдэг бөгөөд үүнд:

1.Дээр дурдсаны дагуу Наландарийн хийдэд винайн ёсыг чангатган зохиосон нь Бурхан багшийн анхан номын хүрдийг эргүүлсэн лүгээ адил болсныг “суртлыг алгасагч хуварагуудад винайн ёсыг зохиож, шашныг ариусган зохиов” хэмээн тэмдэглэдэг.

2.Учир шалтгааны ухааны үүднээс “Төв үзлийг” тодруулан олон судар ном зохиох зэрэг гүн гүнзгий үзлийг машид өргөн дэлгэр зохиосон нь Бурхан багшийн хоёр дахь номын хүрдэн эргүүлсэн лугаа адил байсан хэмээн үздэг.

3.Энэтхэгийн өмнө зүгийн ууланд Нагаржунагийн үйлдсэн үйлс, үүнд, Дармадату штава зэрэг ном айлдсан зэрэг нь Бурхан багшийн гурав дахь номын хүрдэн эргүүлсэн лүгээ адил байсан гэнэ.

2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2021 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button