БИД ЯАГААД ЗОВДОГ ВЭ?
БИД АЛИВАА ЭД ЮМСЫН жинхэнэ мөн чанарыг сайтар ажиглаж, бүр гүн гүнзгий нэвтрэн харвал үнэн хэрэг дээрээ бүх юмны мөн чанар мөнх бус гэдгийг амархан олж харж чадна. Байнга, мөнхөд орших гэж огт байдаггүй, бүх юм өөрчлөгдөн хувирна. Өмнө нь гаталсан голын яг тэр усанд дахин орж болохгүй гэж ярьдаг. Үнэхээр хэрэв бид голын урсгал уснаас хувиршгүй мөн чанарыг олох гэж оролдвол тийм мөн шинж чанар яагаад ч олдохгүй нь тодорхой. Түүн лүгээ адил бидний бие махбод ч мөнх бус билээ. “БИ” хэмээх нь байхгүй, “БИЕ” дотор орших үнэмлэхүй хэмээх нь бас байхгүй, хэзээд өөрчлөгддөггүй, хувирдаггүй юм гэж огт байхгүй. Бид мунхагийнхаа улмаас бидний дотор байнга оршдог хувиршгүй юм байна хэмээн төөрөлддөг. Бид “БИ БАЙНА” хэмээн мунхагласны улмаас өөрсдөө зовж зүдэрнэ, бидний бие, сэтгэл өвдөж зовно. Харин бидний дотор “БИ” хэмээх нь байхгүй гэдгийг ухаахан ойлгож олж мэдвэл зовлон зүдүүрээс ангижран салах болно.