БУРХАН БАГШ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР
Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эхийн ач цаглашгүй бөгөөд энэхүү дүйчэн өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг.
Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш харуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм.
Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг хүчир бэрх юм хорвоо ертөнцөд хаана ч үгүй билээ. Энэ өдөр аав ээж, өндөр настан, хүүхдүүдийг баярлуулсан сайн үйлс бүхэн тань бум живаа үржин ирдэг учиртай билээ.
Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ.Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбутивд эргэн залран ирсэн түүхтэй.
Бурхан багшийг тэнгэрийн оронд морилох болсон тэр цагт замбутивд үлдэх шавь нар нь хагацаж ядан Сүгжаннямбуу хаан тэргүүтэй олон шавь нарын зүгээс адис жинлавт Бурханы нэгэн хөрөг дүрийг үлдээхийг айлтгасанд тэнгэрийн дархан Бүшүгарма бээр Бурхан багшийн усанд туссан дүрийг харан зандан модоор Бурхан багш лугаа адил нэгэн Лагшин шүтээнийг бүтээн үйлдсэн. Тэрхүү адис жинлав ихт Лагшин дүр нь одоо Зандан Зуу хэмээн алдаршсан Бурхан багшийн дүр мөн билээ. Энэ үеэс эхлэн Бурханы дүр хөргийг бүтээн тахих ёс дэлгэрсэн байдаг.
Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдэх билээ.
Эл өдөр нь Бурхан багшийн амьдрал, үйлс зохионгуйтай холбоотой жилд 4 удаа тохиодог дүйчэн өдрүүдийн нэг нь юм.
Эх болсон хамаг амьтан нэг нь ч хоцролгүйгээр тэргүүлшгүй цагаас тоолшгүй олон удаа бидний эх эцэг болон ачилсан ба тэдний яндашгүй их ачийг гагц эрдэм бүгдийг гүйцээсэн, гэм бүгдийг барсан Бурханы хутагт хүрснээр л хариулж чадна хэмээн Бурханы шашинд үздэг.
Бурхан болохын уг шалтгаан нь эх болсон хамаг амьтны тусыг эрхэмлэсэн буян хийгээд билгүүний чуулган тул буян хийвэл бум живаа болон арвиждаг адистад ихтэй энэхүү дүйчэн өдрөөр нэг өдрийн тэгчэн сожон сахилыг сахиваас буяныг хотол чуулган болгож, Бодийн хөрөнгийг сайтар талбиж чадна хэмээн судар номд олонтаа өгүүлсэн байдаг.
Нэг өдрийн турш сахидаг сожон сахилын 8 сахигдахуун ба түүниий тус эрдэм:
1. Амьтны амь хөнөөхийг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө урт удаан наслаж, үзэсгэлэн төгс болоод өвчин зовлонгүй амьдарна.
2. Эс өгснийг авахыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө эд баялагтай, элбэг хангалуун болох ба хэн нэгэн хорлохгүй.
3. Нэг өдрийн турш хурьцлын үйлийг тэвчсэнээр энэ хийгээд хойд төрөлдөө сайхан бие бялдартай, мэдрэхүйн эрхтэн бүтэн байна.
4. Худал хэлэх үйлийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө хүнд хууртахгүй ба хэлсэн үгийг нь бусад анхааран авах болно.
5. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг тэвчсэнээр энэ ба хойд төрөлдөө тогтвортой, сэрэмжтэй, саруул ухаантай, тод мэдрэхүйтэй болох болно.
6. Өндөр, үнэтэй, хүндтэй суудал болон сэнтийд суухыг тэвчсэнээр энэ хийгээд хойдын төрөлдөө бусдын магтаал хүндэтгэлийг хүлээж, тохилог сайхан орон гэртэй, аялж зорчиход хэрэглэх унаа хөсөгөөр элбэг байна.
7. Цаг бусын идээ буюу нар голлосноос хойш аман идээг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө идээ ундаагаар элбэг хангалууун, арвин сайн ургацтай болно.
8. Үнэртэй ус, чимэг зүүлт зүүхийг тэвчсэнээр энэ ба хойдын төрөлдөө сайхан үнэртэй, гоо үзэсгэлэнтэй биеийг эрхшээх болно.
Эдгээр 8 зүйлийг нэг бүтэн өдөр буюу 24 цагийн турш аль болох олон хүн сахивал буян хурах тус эрдэмтэй.