“ГАЛДАН БОШИГТ ХААН” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
“Монгол шуудан” ТӨХК-ны Марк, Үнэт цаасны газар, “Их Монголын Хутагт Хувилгаад” сантай хамтран “ГАЛДАН БОШИГТ ХААН” сэдэвт маркийн анхны өдрийн дугтуйн нээлтийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг амжилттай нээлээ.
“Монгол шуудан” ТӨХК-ны Марк, Үнэт цаасны газар, “Их Монголын Хутагт Хувилгаад” сантай хамтран “ГАЛДАН БОШИГТ ХААН” сэдэвт маркийн анхны өдрийн дугтуйн нээлтийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймаг амжилттай нээлээ. “ГАЛДАН БОШИГТ ХААН” сэдэвт марк нь Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй 1097 дах сэдэвт марк бөгөөд маркийн хэмжээ 35х50, блокийн хэмжээ 150х105, 20000 ширхэг хэвлэгджээ.
Маркийн тайлбар: Дөрвөн Ойрадын аймгуудын нэг Цоросын хант улсын захирагч Эрдэнэбаатар хун тайжийн хөвгүүн Галдан 1644 онд Хар-Эрчис мөрний хөвөөнд Юм-Агас хатнаас мэндэлжээ. Галдан 7 настай байхдаа Лхасад очиж, V Далай лам Лувсанжамц, Банчин Богд Лувсанчойжижалцан нарын дэргэд 20 жил шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн хутагт юм.
Галдан номын багш нартаа сахил санваараа өргөн 1671 онд Ойрад монголын олон аймгийг нэгтгэхийн төлөө тэмцэж, 1677 онд Зүүнгарын хаанд өргөмжлөгдсөн. 1679 онд Далай лам Галданд Бошигт хэмээх шашны эрхэм дээд цол олгов.
Ойрадын Галдан бошигт хаан улс төр, цэрэг, шашин, гадаад харилцаа, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөртэй түүхэн гавьяа байгуулсан хүмүүний нэг бөгөөд 1640 оны “Халх-Ойрдын цаазын бичиг”-т хоёр удаа “Галдан хааны захиа, зарлиг” хэмээх нэмэлтийг оруулж, Заябандид Намхайжамц гэгээнтний зохиосон тод бичгээр орчуулгын ном зохиол олноор бичүүлэв. Засаг захиргааны нэгжийн шинэчлэл, мал аж ахуйгаа өсгөх, цэргийн зэр зэвсэг, гунан буу, дарь хүхэр, төмөр, чулуу боловсруулах, суваг шуудуу татаж тариа тарих их ажлыг өрнүүлсэн.
“Галдан бошигт хаан” сэдэвт блок марканд Гандан бошигт хаан, Анухатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин нар их цэргээ манлайлж яваа байдалтай, Цамбагарав хайрхан, цагаан шонхор шувуу, хааны хүрээ, бошигтын бух, “Сэтгэлдээ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн алдарт үгийг тод бичгээр дүрслэн бүтээсэн болно.
Маркийг бүтээхэд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улаанбаатар Их сургуулийн дэд захирал, доктор, профессор С.Цолмон, МУИС-ийн багш, доктор, профессор Д.Суран, МУБИС-ийн багш, доктор, профессор На.Сүхбаатар, Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг нар мэргэжлийн зөвлөгөө өгч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, Их Монголын Хутагт хувилгаад сантай хамтран ажиллалаа.