Хутагт Хувилгаад

ЗАВА ДАМДИН ГАВЖ 1867-1937

Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага насандаа нутгийнхаа Цахиуртын жасад сууж лам болсон ба 17 насандаа Их хүрээний Гунгаачойлин дацанд  олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж 1937 он гэхэд Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болгож чадсан.

Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байсан Зава Дамдин гавж Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсон нь академич болсонтой дүйцэх юм. Өрнийн боловсрол бүхий Оросын Монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян гүн, Сутай уулын Мишиг авгай, Сэцэн ханы Бат-Очир, Анги гэвш Шагж, Гэлэгжамц дооромбо нартай хамтран ажиллаж байсан байна. Зава Дамдин төвд хэлээр 17 боть ном туурвисан бөгөөд түүний зохиолуудаас Монголын  дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу “Алтан дэвтэр” хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ.

Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа “Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан” гэж бахдан ярьцгаадаг.  Нэг удаа 1920-иод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад “Өнөөдөр холын хүн ирэх нь. Домботой цайгаа халуун байлгаж бай” гэсэнд хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг.

2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа 2019 оны цаг тооны бичиг худалдаанд гарлаа

Холбоотой нийтлэлүүд

Back to top button
Close